Росицки тавтайгаасаа бөмбөг өшиглөж сурчээ. Ердөө хэдхэн сарын дараа тэр өөрийн ах Иржи тэргүүтэй том хүүхдүүдтэй тоглодог болов. Бяцхан Томас хөлд орох цагаасаа хөлбөмбөгтэй нөхөрлөсөн нь аргагүй. Тэднийх тамирчны удамтай бөгөөд ээж Ева нь хөнгөн атлетикаар муугүй амжилтад хүрч байсан бол эцэг Иржи нь тэр үеийн Чехословакийн алдартай хөлбөмбөгч байлаа.
Иржи нутгийнхаа “Спарта” багт тун амжилттай тоглосныхоо хүчинд “Атлетико Мадрид” багт уригдаж байсан ч өвдөгний хүнд гэмтлийн улмаас 30 настайдаа спортоо орхижээ. Томас эхэндээ “Компресор” хэмээх жижиг багт тоглож байв. Гэвч тэндээ удсангүй, 13 нас хүрэх жилээ “Спарта”-гийн хүүхдийн багийн гишүүн болжэ. Энд л тэр хөлбөмбөгийн гүн нууцад нэвтэрч, ирээдүйн сод авьяастны үндэс суурийг тавьсан юм.
Дасгалжуулагчид түүний турьхан биеийг хараад гэмтэж бэртэхээс болгоомжлон талбайд гаргадаггүй байлаа. Харин 1999 оны хавар болсон нэгэн чухал тоглолтод 18 настай Росицкиг талбайд гаргав. Залуу хагас хамгаалагч удалгүй бөмбөг тасалж, хурдтай сөрөг довтолгоонд шилжжээ. Өмнө байсан хамгаалагчдыг чадварлаг хуурч явсан Роса хаалганд оновчтой цохиж хожлын гоол оруулах нь тэр. Энэ гоол түүний алдрын оргилд хүрэх замын эхлэл байжээ.
Жилийн дараа гэхэд Роса Чехийн лиг төдийгүй Аваргуудын лигт хүч сорьж байлаа. Харин 2000 онд шигшээ багийн дасгалжуулагчдаа тоогдон Европын АШТ-д оролцжээ. Харамсалтай нь Франц, Голланд гэсэн хоёр аварга багтай нэг хэсэгт орсон чехүүд дараагийн шатанд шалгарч чадсангүй. “Бид Европын аваргыг урам муутай орхисон. Чухам энэ явдал надад тамирчны замнал ялалт, ялагдал ээлжлэн байдгийг ойлгуулсан юм” хэмээн Росицки эргэн дурсчээ.
“Спарта”-д хоёр жилийг өнгөрүүлснийхээ дараа тэр багийнхаа төдийгүй Чехийн дээд лигийн шилдэг тоглогчид тооцогдох болов. Тиймээс энэ авьяаслаг залуу удалгүй эх орноо орхиж, баян, нэр хүндтэй багт очих нь тодорхой болсон юм. Харин хаашаа явах бол?
Миланы “Интер” залуу одыг идэвхтэй сонирхож, чамгүй мөнгө амлаж байв. Гэхдээ “Спарта”-гийн удирдлага “авьяастныг оршуулдаг баг”-т түүнийг зарахыг хүссэнгүй. “Интер”-ийг зорьсон олон оддын эмгэнэлт хувь заяа тэднийг айлгасан нь тодорхой. Мөн Бундеслигийн “Бавари”, “Шальке-04”, “Борусси Дортмунд” зэрэг томчууд түүнийг авахыг хүсч байлаа. Урт удаан хэлэлцээрийн эцэст Росицки Дортмундын “Борусси”-гийн саналыг хүлээж авлаа. Шар-хар хувцастнууд түүний төлөө 25 сая доллар төлсөн нь тухайн үедээ Бундеслигийн дээд амжилт болсон юм.
Дортмундчууд зөвхөн түүгээр зогссонгүй, аварга биет Ян Коллер, авьяаслаг бразил Аморозо нарыг мөн элсүүлснээр Германы аваргын төлөө хүчтэй өрсөлдөх багийг бүрдүүлж чадсан билээ. 65 кг жинтэй Томас бусдын бодож байсан шиг үлэмж биетнүүдэд дарлуулсангүй. Германд ирсэн эхний жилдээ 11 дамжуулалт өгч, хэд хэдэн чухал гоол хийснээр дорхноо л Бундеслигийн хамгийн чухал тоглогчдын нэг болж орхив. Түүний гайхалтай дамжуулалтаар орсон гоолууд шилдэг гоолоор тогтмол шалгарч, түүнийг авч чадаагүй багуудыг харамсахад хүргэсэн билээ. Германд өнгөрүүлсэн таван жил түүний хувьд сайнтай, саартай өнгөрсөн.
Зургаан жил тасраад байсан аваргын алдрыг багтаа бэлэглэж, Аваргуудын лигт ч муугүй хүч үзэж байв. Түүнчлэн 2002 онд UEFA-гийн цомын финалд шалгарч, Голландын “Фейеноорд”-д хожигдож байлаа. Гэвч багийн эздийн буруу менежментээс болж баг санхүүгийн алдагдалд орж, 2005 он гэхэд дампуурлын ирмэг дээр ирлээ. Харамсалтай боловч шилдэг тоглогчдоо зарахаас өөр арга тэдэнд байсангүй.
Ийнхүү “бяцхан Моцарт” маань “Борусси”-гийн төлөө 149 тоглолтод оролцож 19 гоол оруулсан гэсэн үзүүлэлттэйгээр “халагдаж”, Премьер лигийн “Арсенал” багийг зорьжээ. Лондоны баг түүний төлөө 10 сая евро төлсөн юм. “Арсенал”-д тэр “Вильярреаль” руу одсон Робер Пиресийн 7 дугаарыг сонгож авсан. Мөн түүний тоглож байсан зүүн жигүүрийг өмчлөн авчээ.
Анхны гоолоо Аваргуудын лигт “Хамбург”-ийн эсрэг тоглохдоо оруулсан бол одоогоор дөрвөн гоол оруулж, төдий тооны дамжуулалт өгчихсөн явна. Мөн шигшээ багтаа 2000 оноос хойш 62 тоглолтод оролцож, 17 гоол оруулжээ. Германд болсон ДАШТ-ий дараа Павел Недвед шигшээ багаасаа зодог тайлахаа мэдэгдэж, багийн ахлагчийн тууз Томас Росицкид шилжсэн юм. Арсен Венгерийн багт ирсэн хүн өөдлөн дэвждэгийн нэгэн адилаар тэр “Арсенал”-д олон олон ялалт бэлэглэх нь гарцаагүй.
Таван цагираг сонин.
|